Сав дүүрэн цэцэг
Байгаль, их гоё. Их л сайхан үг.
Үгийг бид олон дахин хэлж хэрэглэсээр байгаад дадаад зүгээр л хэрэглээ болгочихдог. Утга учир, үнэ цэнийг нь хэр барагтаа тусгахгүйгээр зүгээр л харилцааны хэрэгсэл болгочиж л дээ бид. Үг гэдэг гоё зүйл, зогтусаад түр зуур бүхнийг зогсоож байгаад тааз ширтэн хэвтээд нэг нэгээр нь тайлан сонсмоор сайхан. Үг хэзээд хүчирхэг, хэзээд үзэсгэлэнтэй, үг үгээрээ л үнэн.
***
Эргээд байгалруугаа очюуу.
Бодмогц:
Сэвшээ хонгор салхи ургамал навчсыг дохиулан найгах шиг, хаа нэгтээгээс бяцхан сониуч шувуу жиргэн жиргэсээр, ойртоно холдоно, цааш чимээ алдарч, алсад голын чимээ дөнгөн данган шуугина. Үүлэн цаанаас нар дахин цухуйхад хөл доорх цэцэг дахин тодорно, гэрэлтэнэ, мэндлэх шиг. Юу ч хийхгүйгээр зүгээр л дэргэд нь байгаад л баймаар . Байгалийн сайхан хүн бүрт өөр өөрийн үзэмж, нууцлаг чимээ, үнэрээрээ сэтгэлд нь ургална. Яагаад ч юм энэ удаа хотын гудманд таарсан тэр хогын сав дүүрэн цэцгүүд л санаанаас гарахгүйнээ.
Оршил:
Гэрлэн дохио хүлээн зогсоход алсад хангинах түргэний машины аваарын дуу ойртох ч үгүй холдох ч үгүй тэсвэрээ алдтал дугарсаар л байна. дасчээ энэ дуунд, бодвол түгжрэл ихтэй байгаагынх биз. Бүлтийх ч үүлгүй ч сэрүүн хаврын салхи хаа нэгтэйгээс хатгална. Бугуйн цагаа байн байн харах яарсан чихэвчтэй залуу, цаад талд нь ширүүн харцтай ч сайхан бүсгүй үзэгдэнэ. Урагшлах ч үгүй, ухрах ч үгүй машин цувааны цаана зогсох хоёр сурагч л яаралгүй тухтай сайхан одоо цагтаа оршицгооно. Цааш нь бичээд л байхаар энэ хотын саарал амьдралд бид ийм л дасч анзаарах ч сөхөөгүй өдөр бүрээс хол хэрнээ дунд нь амьдарсаар л байна.
***
Их хотын баяр хөөр тасрашгүй, дуусашгүй сайхаааан, баярлах ч сайхан, баярлуулах ч бүр сайхан. Эмэгтэй хүн гэхээр бүгдэд цэцэг буудаг билээ. Анхнаасаа хар багаасаа тийм л хүмүүжлээр өссөн. Нийгмийн бус инстиктийн зүйл байгаасай гэсэн хүсэл маань энэ бичвэрийн гол зорилго цаана нь нуугдаж байна. Одоо жаахан дэлгэрье. Мартын Найман, эмэгтэйчүүдийн баяр боллоо, бүгд л дэргэдэх эмэгтэйчүүдээ баярлуулах гэж үймнэ. Хаа сайгүй л хүнийг баярлуулах аргаа мэдээгүй, олоогүй, эсвэл баярлуулах хүнээ бүрэн таньж амжаагүй байгаа баахан догдолсон сандарсан эрчүүд хотоор нэг үймнэ. Хамгийн бэлэн цэцэн бэлэг нь амттан тэгээд өнөөх л баглаа цэцгүүд, бөөн бөөн сарнай билээ. Энэ сайхан өдрийн баяр цэнгэл хаа сайгүй уртаа үргэлжилж, цуцсан шөнө дуусч, үүр гэгээрнэ. Өглөө болов.
Хогын сав дүүрэн цэцэг дөрөв дэх өдрийн хогны машиныг хүлээнэ… хэний ч сэтхилийг хөдөлгөлгүйгээр хогийн саванд дуусах гэж энэ хорвоод ирээгүй байлтай. Өөрийн зорилгоо бүрэн биелүүлээд байгалийн хуулиараа хатаад үхэж байгаа бол өөр хэрэг. Даанч гоёоороо, дэндүү сайхнаараа, шинээрээ бөөн бөөнөөрөө хөглөрхийг харах амаргүй байв. Хаа сайгүй биш, тэр нэгэн тохиол, тэр л зураглалыг хараад энэ бичвэрийг бичих санаа төрсөн юм.
***
“Эмзэглэл”
Одоо гол хэсэгрүүгээ ороё.
Цэцэг гэдэг мөн чанарыг даанч бүгд мэдэхгүй нь харамсалтай, хотоор нэг хөглөрөх арилжааны хэрэгсэл, шахаа болсон, бүгдэд сарнай таалагдана гэж бодсон байх. Тэдний ч буруу биш. Бүгд над шиг байх ч албагүй.
***
Цэцгэнд дургүй эмэгтэй нэг ч байхгүй гэдэгтэй бүрэн дүүрэн санал нийлдэг. Яагаад гэвэл тэр өдөр жаахан бодсон. Буцаад байгаль, эхний хэсэгрүү буцая.
Угаасаа л бид байгалийн нэг хэсэг, эзэд нь биш зүгээр л зочид билээ. Үдлээд л буцдаг даа, их л багахан хугацаа байлаа гэж олон сонссон. Байгальд сайн сайхан зүйлс их бий. Тэр биднийг илүү гэгээн тунгалаг, сониучхан, аливаад чин сэтгэлээсээ үнэнээрээ хандаж чадуулдаг тийм л увидастай. Байгалийн хуулиараа эрчүүд эртнээсээ л ан гөрөө хийж, үргэлж ямар нэгэн юмны араас хөөн илдээд, ялан дийлэн, өөрийн болгон эргэн ирдэг. Харин бүсгүйчүүд маань илүү ахуйлаг, байгальлаг, одоо цагтаа байж чаддаг, юмсыг мэдрэх, тунгаах, бодох, хүртэх цаг нь эрчүүдээс илүү байдгаараа илүү зөн билэглэг, далд ухамсар нь эрчүүдээс илүү хөгжсөн санагддаг. Цэцэгтэй яаж холбогдох вэ гэхээр, байгалийн сайханд, тэр тусмаа цэцгийг маш ихээр анхаарч, түүнд бүрэн дүүрэн дурлаж буй биеэрээ, бүхий л мэдрэмжээрээ цэцэг болж чаддаг тийм л бясалгалч чанартай, чадвартай. Мэдээж эх хүн гэдэг илүү өөр сэрэл, мэдрэмжээр бүхнийг хүртдэг билээ. Одоо ч гэсэн тийм. Эрчүүд харин эмэгтэй хүний гоо зүй, гоо сайханд хөл алдарч, илэрхийлж чадаагүй хэсэг нь эмэгтэй хүнийг цэцгээр зүйрлэдэг байсан байх. Хэлж илэрхийлж чадахгүй зүйл нь дэргэд хөл доор нь ойр байсан нь хөөрхөн цэцэг байж таарлаа, өөрийн мэдрэмж бүхнээ цэцгээр жишин илэрхийлдэг байсан байх гэж тааж байна. Энэ бол нэгэн санаа. Урлаг уран сайханч сэтгэлгээтэй мөн түүнийгээ буулгаж чаддаг хэсэг нь, үг дуу, дүрсээр илэрхийлж ирсэн олон жишээг бид мэднэ.
Ямартай ч эмэгтэй хүний гоо сайхантай хамгийн дөхөж очиж чадах ганц жишиж болох зүйл бол цэцэг билээ. Тийм болоод ч бүсгүйчүүд цэцгэнд дуртай. Тэд бас бүгд өөр өөр болохоор өөр өөрийн мэдрэмж, гоо зүй хүртэхүйтэй. Өөр өөр өнгөнүүдэд, үнэрүүдэд, цэцгүүдэд дуртай. Харин бүгдийг эмэгтэй хүн гэдэг хэдхэн үсгэнд хашаад, бүгд сарнайнд дуртай, бүгд улаан, ягаан өнгөнд дуртай гэж битгий хараасай гэсэн хүсэл маань өөрөө энэ бичвэрийн уриалга боллоо.
Одоо дуусгая, өөрийнхөө бяцхан түүхээр үргэлжлүүлэн хуваалцаад жаргаая.
Нэг л жихүүн сэрүүн өдөр би гэдэг хүн чинь хоёр яст мэдхийтэйгээ гурвуулахнаа гэртээ үлдчихсэн юм, мэдээж хүсээгүй, өөр түүх. Тийш оролгүйгээр цаашиллаа. Өдөр хоногууд удаан өнгөрөв, их л саарал өдрүүд байсан даа. Туулах амаргүй байсан, ганц хань болсон хоёр ногоон усны яст мэлхийг маань “Gary, Jerry” гэдэг билээ. Нэг анзаарсан гэрт ямарч ногоон ургамал байхгүй болсон байсныг анзаараад цалингаа буухаар яваад өгсөн дуртай ургамлаа (Palma) авав. Маргааш орой нь гэртээ ирэхэд тэр ганц ургамал намайг хачин гоё угтаж билээ. Мартдаггүй юм, ямар их гоо сайхантай, увидастай, чадалтай гэдгийг тэгэхэд л их сайн мэдэрсэн. Дурласан, дассан. Дахиад бага багаар бүл нэмсээр л байна. Одоо ажил гэр хоёр дээрх ногоон ургамлууд нийлээд овоо хэд болжээ. Их л сайн хань болж, хүнийг эдгээдэг мундаг чанартайг нь улам л ойлгосоор, хайрласаар л байна. Олон хоногоор гэрээс хол явахад хэдэн ургамлуудаа бодно оо, санаа зовно. Халамцсан үедээ дуу сонсоод нулимс унагасан тохиолдол ч бий..
Нэг наст цэцэг бол хайр, харилцаа, илэрхийлэл билээ. Заавал утга учир, шүтэлцээнд уягдахгүйгээр илүү мэдрэмжээ л дагаж сонголт хийдэг. Өөртөө цэцэг бэлэглэх дуртай болоод байгаа , энэ бол өөрийгөө хайрлах шинэ дадал маань билээ. Хэн ч намайг надаас илүү ойлгож, хайрлахгүй гэсэн муйхар санаа бий. Эцэст нь хэлэхэд, цэцэг ургамалд өөрийн гэсэн хэл гэж байдаг юм шүү, бүгд түүнд суралцая, хайрлая, ярилцая.
Өргөн хорвоог тэр чигт нь тэвэрмээр сайхан.
“Цэцэг Танка” л гэдэг дээ, үнсье!